МАН АН-ыг хулхидаж, УИХ-ын даргыг нам бус болгох саналаасаа буцав
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин болон бусад 17 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хоёр сар гаруйн хугацаанд хэлэлцэгдэхгүй гацсан хэвээр байна.
Тус хуулийн төсөл нь УИХ-ын даргыг намын харьяаллаас ангид, нам бус статустай ажиллах эрх зүйн зохицуулалтыг бий болгох зорилготой байв. Энэ нь парламентын тэргүүний төвийг сахисан, бүх гишүүдийн эрх ашгийг тэгш хангах институцийн зарчмыг бэхжүүлэх санал гэж хууль санаачлагчид тайлбарлаж байсан юм.
Уг асуудал нь Ардчилсан намын зүгээс удаа дараа тавьж ирсэн улс төрийн шаардлагуудын нэг байсан бөгөөд эрх баригч МАН үүнийг хүлээн зөвшөөрч, С.Бямбацогтыг УИХ-ын даргаар томилсон. Энэ үйл явцын дараа дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн шийдвэр гарсан нь АН-ын зүгээс тавьсан шаардлагыг хүлээн авсан гэсэн ойлголтыг төрүүлсэн.
Гэвч хуулийн төсөл хоёр сарын турш ахицгүй саатсаны эцэст УИХ дахь МАН-ын бүлэг уг асуудлыг өчигдөр хэлэлцээд, “УИХ-ын дарга нам бус байх” зохицуулалтыг дэмжихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.
Ингэснээр өмнө нь хэлэлцэхийг нь дэмжиж байсан байр сууринаасаа ухарч, АН-д амласан МАН амандаа хүрсэнгүй. Өөрөөр хэлбэл, эхлээд хэлэлцэхийг нь дэмжиж, улс төрийн зөвшилцөл бий болсон мэт харагдуулсан ч эцэст нь эсэргүүцэж АН-ыг “хулхидсан” үйлдэл боллоо.