Бизнесийнхэн маань улс орноо хөгжүүлэхийн төлөө эх оронч хөрөнгө оруулалт хийж эрсдэл хүлээж байна, аль болох ажлын байр нэмэгдүүлэх гээд байна гэж яриад байх боллоо.
Бизнесийнхэн үнэхээр ийм шийдвэр гаргадаг бол өрсөлдөж чадахгүй шүү дээ. Харин ч эрсдэл өгөөж хоёроо харьцуулж хөрөнгө оруулалт хийж, аль болох бага зардлаар үйлдвэрлэхийн төлөө ажиллаж байж бизнес өрсөлдөөнд ялж үлдэнэ. Шийдвэрээ ч тэгж гаргадаг гэдэг нь гарцаагүй. Өрсөлдөөнд тэсч үлдсэн, өргөжин тэлсэн нь үүний нотолгоо.
Хоёр үнэн зэрэг оршихгүй. Эхнийх нь худлаа. Бизнесийнхний зорилго бол ашиг олох явдал. Бизнес бүр ашгийнхаа төлөө өрсөлдөх нь нийгмийн баялгийг нэмэгдүүлж, нөөцийг үр ашигтай хуваарилж, зөвхөн бараа үйлчилгээний зах зээлээр тогтохгүй санхүүгийн зах зээлд, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөөн идэвхижиж цалин хөлс нэмэгддэг. Тэдний үр ашигтай ажиллах тэмүүлэл л нийт эдийн засгийн хөгжлийн хөдөлгүүр болдог.