Монгол хэлний шалгалт авч байтал ангийн багш хаалга тогшиж:
-Уучлаарай, багш аа. Арын шүүгээнээс нэг материал авчих уу?
Шалгалт авч байсан багш:
-Тэг тэг...
Ангийн багш арын шүүгээ рүү явах зуураа самбар руу хальт хартал "Нүд, чих гэсэн үгээр хэлц үг үүсгэн өгүүлбэр зохио" гэсэн даалгавар байжээ. Ангийн багш шалгалт авч байсан багш дээр очоод:
-Манайхан хэр байна?
-Мэдэхгүй ээ, зүгээр л суугаад байна гэхэд ангийн багш гэнэтхэн маш их уурсаж:
-Би та нарт зөндөө хэлсэн! Шалгалт шүүлэг ойртлоо. Нүдээ нээ, чихээ онгойлго гэж байнга үглэдэг. Даанч нэг үг авахгүй чихгүй толгойлцгоогоод яваад байсан юм! За, тэгээд илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ гэж энэ дээ. Нүдэн балай, чихэн дүлий явцгаагаад байсныхаа горыг амс! Та нарыг хичээлээс гадуур юу хийж явдгийг мэдэхгүй, дуулаагүй гэж санаа юу? Хананд хүртэл хулганы чих, загасны нүд байдаг юм шүү дээ! Хар нүд хуу татав уу, үгүй юу л утсаа ухаад сууцгаачихна. Нэг л их ном уншихаас зугтаж подкаст сонссон хүмүүс. Нүд үнэнч, чих худалч гэдгийг одоо ойлгов уу? Муусайн нүдний булай болморууд.
Үүнийг сонссон шалгалтын багш:
-Хүүе, та хүүхдүүдээ юун аймаар загнадаг юм гэхэд нь ангийн багш:
-Эд нарыг ингээд унжийгаад сууж байхыг харахаар нүд хорсоод, шалгалтаа тааруу өгснийг нь сонсохоор чих улайгаад унадаг юм гэснээ хүүхдүүд рүүгээ нүд ирмэчихээд гараад явчихжээ.
Ангиараа шалгалтаа ямар дүнтэй өгсөн бэ?! 😃